Saturday, February 28, 2015

Удам залгах ёс


Монголчууд эрт дээр үеэс айл гэрийг хүн амьдрах төдийгүй хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, төр улсын албыг залгуулах чухал орчин гэж үзэж эхнэр нөхөр болох хүмүүсийн төгс төгөлдөр сайн шинжийг эрхэмлэдэг уламжлалтай. Иймээс ч хүү охиноо гэрлүүлэн өрх тусгаарлахыг төрийн ёсны эрхэм хүндтэй зүйлд тооцдог ажээ. Бэр хүүхнийг гэрлүүлэхэд тэр хоёрын хайр сэтгэлтэй эсэхийг анхаарахын зэргэцээ эцэг эхийн санал чухал нөлөөтэй байдаг. Эцэг эх нь бэр хүргэнээ шинжихдээ удам судрын гарлыг хүргэн хүргэн бэр хоёрын сэтгэлийн нийлэмжийг, ааль зан, мөс чанарыг, галбир царай тэгшийг, буян заяа арвинг ( ажил хөдөлмөрийг) ёс горим эрдэм номыг, нас сүүдэр жил зохицохыг долоон шинжээр нь үздэг бөгөөд удам сударт нь буюу өмнөх гурван үед нь хулгайч, худал хэлдэг, ажил төрөл ааш зан муутай, ялангуяа ужиг муу өвчинтэй хүн байвал гэрлүүлэхээс татгалздаг байсан нь удамшлын нөлөөг ойлгосны үндсэн дээр хос хоёрын төдийгүй тэдний үр хүүхдийн ирээдүйн амьдарлыг ариун нандин байлгах гэсэн зүй ёсны шаардлага юм. Мөн овог дотроо юм уу? эцгийн талын долоо, эхийн талын гурван үе доторхи төрөл садны хүнтэй гэр бүл болохыг цээрлэн цус ойртож үр хүүхэд нь ухааны хомсдол бие эрхтний гажигтай төрөхөөс сэргийлдэг байжээ. Монголчууд <<ураг урагтаа хүндтэй, ургаа мод газартаа хүндтэй >>-н учир хусавч үл арилах ясан төрөл, шавхавч үл ширгэх цусан төрлөө>> -өө мэдэхийг үр хүүхэддээ хичээнгүйлэн захидаг нь үр удмаа эрүүл ариун байлгах шаардалгын зэрэгцээ төрөл садан ах дүүсээ сайн мэдэж хүндэтгэх, дотносох, бие биендээ тэтгэн туслаж байх амьдралын хэрэгцээтэй холбоотой юм. Эцгийн талыг ясан төрөл эхийн талыг цусан (юм уу махан) төрөл гэж үздэг бөгөөд өөрөөсөө өмнөх хойтох долоон үеийг үр хүүхэддээ сайн мэдээлж нэрлэж сургадаг. Тухайлбал: өөрөөсөө дээш эцэг, өвөг эцэг, өндөр эцэг, элэнц эцэг, элэнц өвөг, хуланц, хуланц өвөг гэх буюу өөрөөсөө доош: хүү-ач, гуч жич, дөч, тач, жилийх, талийх гэж долоо долоон үеэ мэддэг байх учиртай. Төрөл саднаа хэддэх үе болохыг ямар ч үед самуурч будилалгүй мэдэж тоолох амар хялбар аргыг монгол түмэн үр хүүхэддээ зааж өгдөг байв. Ингэхдээ өөрийгөө цээжин биеэр төлөөлүүлэн түүнээс гадагш хөл гарын үзүүр хүртэлх  мөч бүрийг нэг нэг үед хамааруулан долоон үе тоолж чи тэр овогтны тийм үе байна гэх мэтээр хэддэх үе дээрээ явааг хэлэхээс гадна долоон үе мултанрсан бол хоорондоо гэрлэж болно гэж зааж өгдөг байв. Тухайлбал:
  1. Гарын бугалаг (хөлийн дунд) чөмөг <<нуган хүүгийн үе>>
  2. Гарын шуу (хөлийн шилбэ) чөмөг <<ач хүүгийн үе>>
  3. Гарын сарвуу (хөлийн тавхай нэгдэх холбоос) чөмөг <<жич хүүгийн үе>>
  4. Гарын сарвуу (хөлийн тавхай хоёрдох холбоос) чөмөг <<гучийн үе>>
  5. Гарын сарвууны (хөлийн тавхай) яс <<жичинцэрийн үе>>
  6. Гарын хуруу (хөлийн хурууны нэгдэх) ям <<гучинцарын үе>>
  7. Гарын хуруу (хөлийн хоёр дахь үе) яс <<жилийнхийн үе>>  
  8. Гарын хуруу (хөлийн гурав дахь) буюу үзүүрийн яс<<талийх үе>> гэж нэр өгч тогтоолгон сургадаг бөгөөд үүнээс цаашхийг төрөл сунжран үе мултарсанд тооцдог ажээ. Цээжин биеэр өөрийгөө төлөөлүүлэн түүнээш гадагшуулан тоолсоор аминаас холдсон хурууны үзүүр хүрхэд жилийнхийн үе дуусч хар элгийн буюу хөндлөнгийн хүнд тооцогддог нь удам судар, садан төрлийн тогтолцоог амьдхүнтэй зүйрлэсэн сони санаа юм. Мөн нэмэж дурдхад эхийн талын удмыг Эх, эмэг эх, элэнц эх, хуланц эх, (эмэг өндөр эмэг гэх мэтээр гар хөлийн үе мөч энэ мэтчилэн төлөөлүүлж нэрлэж тоолж болно.               

Монгол наадгай






Мэдээний зураг,
Монголын ард түмэн эрт үеэс өнөөг хүртэлх хугацаанд асар олон тоглоом наадгайг бий болгосон төдийгүй тоглосоор иржээ. Тэдгээр наадгай нь нүүдлийн мал аж ахуй, ёс заншлийн утга агуулгыг илэрхийлэхээс гадна мал маллах, өсгөн үржүүлэх, ан гөрөө хийх, ахас дээдсээ хүндлэх зэрэг хөдөлмөрлөх болоод ёс суртахууны хүмүүжил олгох олон талын ач холбогдолтой ажээ. Мал аж ахуйг хэдэн зууны турш эрхэлж ирсэн ард түмэн малынхаа шаант ясны нарийн үзүүрт орших ясыг шагай гэж нэрлэсэн.
Мөн таа, алц бөг, цөг гэсэн нэрийг нь хонь, морь тэмээ, үхэр гэхчлэн нэрлэжээ. Шагайг цуглуулан хурааж хэдэн зуу, хэдэн мянгад хүргэн хадгалдаг. Мөн шагайг хэр их хураана төдий чинээ мал өсөж, буян ирдэг гэж ярилцдаг. Уламжлалт ёс заншилтай холбоотой үүссэн тоглоомууд нь хүний бие мах бодод ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд оюун ухаан сэтгэн бодох чадвар, аливаа юмны оньсыг тайлах арга ухаанд хөтлөх, ажигч гярхай чанарыг төлөвшүүлэх зэрэг давуу талтай. Жирийн үед шагай няслах, дөрвөн бэрх хаях, алаг мэлхий өрөх тоглоомыг төдийлөн тоглодоггүй ч Сар шинийн баяраар ах дүү хамаатан саднаараа хуран цугларч тоглодог ба тухайн жилийнхээ өнгийг бас шинждэг.
“Эрхийн чинээ биетэй, эрдэнийн дөрвөн талтай” шагай нь уламжлалт тоглоомны эртний төрлүүдийн нэг. Амьтны шаант ясны үзүүрт оршдог жижиг цул яс буюу шагайгаар наадах 80 орчим төрлийн тоглоом бий. Морь уралдуулах, бөгцөг няслах, шагай шүүрэх зэргийг мэдэхгүй хүн ховор бизээ. Эрт дээр үед анд бололцохдоо шагай солилцдог байсан нь нэгэн биеийн холбоотой хоёр мөч мэт салшгүй байхын бэлгэдэл байжээ.
Алаг мэлхий өрөх
Монголчууд алаг мэлхийг битүүний орой өрж, шинийн нэгэнд тоглодог уламжлалтай. Энэхүү тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 эсвэл 108 шагайгаар өрнө. Тоглогчид ээлжээр шоо хаяж, хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг авах боломжтой. Хэрэв зургаагийн тоо буувал хүзүү, нурууны аль нэг эгнээний зургаан шагайг өөрийн болгодог. Хамгийн олон шагай хожсон хүн ялагч болдог. Түүнчлэн шагай дуусахад дахин тоглох бөгөөд шооны нүхний тоогоор өрнө. Хэрвээ хоёр буулгавал нүдийг, гурав бол толгой, дөрөв байвал шилбэ зэргээр мэлхийний дүрсийг гаргадаг
- Мэлхий өрж байхад: 
- Нэгэн амтай даа
- Хоёр нүдтэй дээ
- Дөрвөн хөлтэй дээ
- Дэвхрээд дэвхрээд
- Худгандаа орвоо гэж дуу дуулдаг аж. Энэ дууг алдарт хуурч, дууч Лувсан 1932 онд дуулсан байсныг судлаачид тогтоожээ.
Шагай авах (шүүрэх), шагайгаар дөрвөн бэрх хаях, шагай харвах, шагайгаар морь уралдуулах, шагай таалцах, шагайгаар алаг мэлхий өрөх (засах) зэрэг тоглоом нь тус бүрдээ тодорхой агуулга хэлбэртэй байдаг. Тэдгээр нь тус тусдаа тоглох нарийн горим журамтай.
Хэд хэдэн хүүхэд бөөгнөрөн сууж, олон шагайн дундаас дээш нь сум (хөө хуяг)-аа хаяж, ирэхийн хооронд шагайгаа гараараа шүүрч түүн дээрээ сумаа тогтоож авна. Хэрэв сумаа тогтоож чадахгүй бол шүүрсэн шагайгаа их шагайндаа буцааж хийнэ. Аль олон шагай зөв шүүрсэн нь хожно. Энэ тоглолтонд хожсон хүндээ 
 - Шагайны баян 
 - Шагайлцахын мэргэн нь Та боллоо гэж сумаа өгдөг ажээ.
Энэ тоглоом нь гарын хөдөлгөөнийг чангаруулах нүдний харцыг хурц болгох ардын сурган хүмүүжүүлэх ухааны бие бялдарын дасгал болдог байна.
Монгол наадгай зурган илэрцүүд
Хүүхдүүд дөрвөн шагайгаар дөрвөн бэрхийг хаяж тоглоно. Дөрвөн бэрх нь (морь, тэмээ, хонь, ямаа) буулгаж, аль түргэн буулгасан нь хожно.
- Дөрвөн бэрх минийх
-Түмэн сүрэг манайх гэж хожсон хүндээ хэлээд дөрвөн шагайгаа авдаг журамтай. Энэ тоглолт нь малыг эрхэмлэн үзэх, малч сэтгэлтэй болгох ардын сурган хүмүүжүүлэх ухааны дасгал болно.
Шагай харвах тоглоом бол олны дунд их түгээмэл зарим газар (Хасаа харвах) гэж хэлдэг. Энэ нь голдуу томчуудын тоглоом болдог.
Шагай харвахад хоёр буюу хэдэн хүн хоёр талцан тусгай суурь самбар зурхай дээр цувуулан өрсөн шагай буюу хасааг харвагч хашлага дээр чиглүүлэн ясан сумыг дунд ба долоовор хуруугаар няслаж, арван тохой зайтай газраас харвана. Оносон даруй уухайлж мэргэн харваачийг бахдан хөгжөөж “сум мэргэн, сур өргөн болтугай”  гэж бэлэг дэмбэрлийн үг хэлдэг ажээ.
Аль олон оноо авсан тал нь хожно. Энэ тоглолт нүдний харц тусгалыг хурц мэргэн болгох, гарын мулчинг сайжруулах хурууний хүчийг нэмэгдүүлэх, бие бялдарын хүмүүжлийн нэг чухал дасгал болдог байна.
Хэдэн хүүхэд цугларч олон шагайгаар уралдааны зам цувуулан өрж, тоглогч хүүхэд бүр нэг нэг уралдах морь шагайг сонгон аваад уралдааны замд оруулан тавьж дөрвөн шагай хаяж, морь буух бүр нэг нэг морин замаар ахиж хурдалсаар дөрвөн шагайгаар олон морь буулгаж чадсан нь түрүүлэн мориныхоо цолыг дуудаж тоглоно. 
                      - Тод магнай
                      - Торгон жолоо
                      - Төрийн наадмын
                      - Түмэн эх гэж цоллон тоглоно.
Шагайгаар таалцаж тоглоход хоёроос гурван хүүхэд оролцох бөгөөд тэд тоглох шагайг хуваан авч түүнээс нөгөө тоглогчиддоо мэдэгдэхгүй нууцаар хэдэн шагай (10-аас илүүгүй)-г атгаж 
- Би хэдэн шагай атгав
- Мэргэн юм бол мэдээд таагаач
Цэцэн юм бол цээжлээд хэлээч! гэж хүүхдүүд харилцан хэлээд тус тусдаа хэдэн шагай атгасны нийлбэр тоог хэлж, онож таасан нь бусдын атгасан шагайг хураан авч тоглосоор бүх шагайг хураан авсан нь хожно.
- Бүх шагай минийх
- Бүгд мал манайх гэж хожсон хүүхэд хэлээд шагайгаа хууж авна. Энэ тоглоом бол хүүхдийг тоолж сургах тооны хэлийг (арав, хорь гэх мэт) сургах ардын сурган хүмүүжүүлэх ухааны нэг арга юм.

Монгол түмний аман


Сайвар халтрын домог.
Эзэрхэг засгийн үед Ханхөхий нутгийн өнчин хүү Цолмонгийн эрмэг цагаагч гүүнээс эр хээр унага босоогоороо гарч сулдаа гунхаж жороолсонд нутгийн малчид түүнийг "жирийн хүлэг биш жинхэнэ морин эрдэнэ" гэж магтжээ. Цолмон хүү эр хээр унагаа энхрийлэн арчилсаар буруу зөвгүй номхруулж дааганаас нь эхлэн ойр хавийн найр наадамд уралдуулахад дандаа түмний түрүү болж, эзнээ баярлуулж, эх нутгийнхнаа цэнгүүлж байв. Он цаг харавсан сум шиг өнгөрч Цолмон хүү эрийн цээнд хүрэхэд Ханхөхий даяар цуутай наадам болжээ. Мянган хүлгийн тоос тэнгэрт хадаж, ширээ шиг тэгш талын дээгүүр морь сум шиг цойлон айсуй. Хэний морь вэ гэж наадамчид баясан шуугилдаж, түмэн дурангийн хараа түүн дээр тусна. Миний морь та минь, ганц хүлэг минь хэмээн цолмон дуу алдаж хоёр нүднээс нь халуун нулимс бөн бөн бөмбөрнө. Дархан эрхтэй Дан ноён морь бариачийг дуудаж "Түмэн эх" морийг миний морь гэж цолло хэмээн тушаав. Эзэнтэн минь өршөө ядуу миний амьжаргааны ганц морь шүү дээ гэж харц цолмон учирлавч нэмэр болсонгүй. Наадамчид хоолой нийлүүлэн Цолмонгийн хээр морь түрүүллээ гэж уулыг цуурайттал, усыг долгилтол түрхрэн хашхиралдав. Зоргоор ноётон хээр азарганы унага сайвар халтрыг боол Цолмон өмчлөх эрхгүй. Эзэндээ тэрсэлсэн үүнийг цэргийн хугацаагүй албанд явуул гэж зарлиг буулгасан нь ёсоор болжээ. Дараа жилийн хавар Да ноён сайвар хээрийг хүлэглэн шадар ноёдоо дагуулан Хөхий ханыг хөвчлөн үргээж их ан ав хийхэд хээлтэй согоо цойлон зугтав. Сайвар хээр жигүүртэй юм шиг дүүлэн хурдалж мөнөөх согоог гүйцхэд Да ноён мэрийж мэрийж сумаа тавьлаа. хөрхий согоо урагшаа ойчиж түүний бөгснөөс нь тугал нь босоогоороо унажээ. Эрхэмсэг ноёнтон тэр тугалыг тэжээлгэв. Нэгэн өдөр бугын тугал зоргол насандаа Да ноёны амь болсон таван настай охиныг эвэртэй өлгөж аваад ой руу зугтаажээ. Зуун хүлгээр хөөгөөд түүнийг гүйцсэнгүй. Гагцхүү сайвар хээр өнөөх бугыг гүйцэж дайран унагав. Ноёны охины хамт цусанд будагдсан өнөөх бугыг харахад нэн аймшигтай ажээ. Энэ бүхнийг ноёны 16 настай хүү Лувсандондов хүү нүдээр үзэн сэтгэлдээн шингээн авчээ. Уйтгараа нэмгэлэх, нэр алдар олохоор Дан ноён сайвар халтрыг богдын даншигт уралдуулхаар авч оджээ. Одоогийн улаанбаатарт болсон тэр наадамд агтны дундаас сайвар халтар түрүүлж олныг баясуулхад түүнийг богдод өргөжээ. Гэтэл сайвар халтар олны өмнө цоллуулж байхдаа гэнэт амгаагаа хуга дарж алдуулан зугтаасаар 7 хоногийн дараа ижилдээ иргэж ирсэн гэдэг. Богдын агтчид түүнийг алдартай хүлгүүдээрээ хөөгөөд ч гүйцсэнүй. Баруун алтайд цөлөгдсөн Цолмон сайвар хээрээ авхаарирж гэнэ гэсэн цуу яриа Да ноёны чихийг дэлджээ. Бусар хэрэг хийсэн тэр олны хилэнгээс айхдаа сайвар хээрийг шанхай орох хятад наймаачинд 2 тэмээ торго 5 цэнгийн алтан бөгжөөр худалдаж санаа амасхийв. Хөхий хээрийг авлаа гэж харийн наймаачид баярлан "Монголын буян молор эрдэнэ алдагдлаа" гэж нутгийн хүмүүс харамлаажээ. Нэгэн жил өнгөрхөд сайвар хээр хөлдөө төмөр чөдрийн тасархайтай эх нутагтаа гүйн ирж ард олныг дахин баярлуулав. Хоёрхон жилийн дараа сайвар хээрийг харийн наймаачид 10 лангийн алт 20 лангийн ембүүгээр дахин худалдажээ. Яг 3 жил өнгөрхөд яс арьс болтлоо турсан дөрвөн туруу нь мултарсан сайвар хээр Хөхий нуруундаа гүйн ирж босоогоороо үхсэн байсныг нутгийнхан нь үзэж молор тэргүүнийг нь хүндэтгэн авч Хан хөхийн ноён оргил Алтайн дуулгын овоонд үүрд залсан гэдэг домог байдаг. 
Бүүвэйн дууны домог


Харалдай хаан гэж байж гэнэ. Харалдай хааны хүү Хариутган тайж, Хариутган тайжийн дүү Будаг шагай, Будаг шагайн нөхөр Буурал мэргэн гэж байжээ. Харалдай хаан дайтахдаа эд агуурс байтугай эхнэр хүүхдээ ч эс хайхардаг учир Хариутган тайж Будаг шагай хоёрыг нялхад нь нутаг төөрүүлж хаяжээ. Будаг шагай дүү нь Хариутган тайж ахдаа тэнгэрийн отгон дагиныг гэргий болгон авч өгөөд бэргэнээ болгохыг их хүсдэг байв. Ийнхүү ятагсаар байгаад тэнгэрийн отгон дагиныг ахтайгаа суулгаж амжсан байна. Ах нь хонуут өнжүүт ан гөрөөнд явдаг болж охин дүү Будаг шагайдаа оосор бүсгүй орд цагаан өргөө барьж өгчээ. Ах нь ангаас ирэх болгонд дүү нь тосч угтан заавал үнсүүлдэг байв. Будаг шагай ахыгаа анд явсан үед гэртээ торго дурдан дэлгэж цэцэг навч урлан хатгаж өдөр өнгөрөөнө. Тэнгэрийн отгон дагинаХариутган тайжтай сууснаас хойш Будаг шагай дүүтэйгээ алт мөнгөн шагайгаар их тоглодог байв. Нэг өдөр дүү нь алтан шагай амандаа нууж байтал хоолойд нь ороод тээгэлчихжээ. Үүнээс болоод Хариутган тайжийн хагийн хайртай ганц дүү амьгүй болсонд тэнгэрийн отгон дагина учиргүй айж Будаг шагайг орных нь урд торго дэлгэж цэцэг навч хатгаж байгаа юм шиг ор түшүүлэн суулгаж орхижээ. Орой нь ангаас ирэхдээ дүүгээ тосож ирээгүйг гайхан цайгаа ч уулгүй гэрт нь ороход нь дүү нь ухаангүй болсон байв. Тэр даруй алтан авдарт хийгээд усанд тавьжээ. Голын адаг руу хоёр лам нүгэл наминчлан ном бясалгаж байтал авдартай юм усанд урсаж байхыг үзээд гарган авч задалбал нэгэн үзэсгэлэнт сайхан бүсгүй байж гэнэ. Хоёр лам учрыг мэдэж алтан шагайг хоолойноос нь гаргахад амь оржээ. Тэгээд будаг шагайг нэг айлд аваачиж өгөв. Тэр айл Харалдай хааных байжээ. Хаан охин, хүү хоёроо олон жилийн өмнө нутаг тойруулж орхисон тул таньсангүй. Хариутган ах нь зээр гөрөөс их намнадаг учир нутгийнхан Зээрэлдэй мэргэн, Зээрэн сугсуу гэдэг хоч өгсөн байжээ. Харалдай хаан олон зарцтай нэг өргөмөл охинтой юмсанжээ. Үүнийг мөн л өргөмөл хүүтэй суулгахыг боддог байжээ. Тэгтэл Будаг шагайгаас нэгэн хүү төржээ. Түүнийг хааны зарц авгай асрах бөгөөд тэр авгай гэрийн гадаа хүүхдийг тэврэн сууж 
Харалдай хааны ачлай
Бүүвэй бүүвэй бүүвэй
Хариутган тайжийн дүүлэй
Бүүвэй бүүвэй бүүвэй
Зээрэлдэй мэргэний зээлэй
Бүүвэй бүүвэй бүүвэй
Зээрэг сугсуун дүүлэй
Бүүвэй бүүвэй бүүвэй
Буурал мэргэний хүүлэй
Бүүвэй бүүвэй бүүвэй
Будаг шагайн дүүлэй
Бүүвэй бүүвэй бүүвэй
Бүүвэйн дуу сонсож өссөн хүн бүтэн сэтгэлтэй болдог
Бүүвэй бүүвэй бүүвэй гэж аялгуулан саатуулдаг байв. Энэ үед Хариутган тайж Харалдай хааныхныг танихгүй нэг айлын гадуур өнгөрч яваад тэр дууг сонсч миний өвөг, эцэг, ах дүүгийн нэрийг хэлж байдаг, ямар учиртай юм бэ? гэж мориныхоо амыг татан чагнажээ. Будаг шагай өөрт тохиолдсон зовлонгоо гагцхүү тэр зарц авгайд л хэлсэн юмсанж, Ингээд Хариутган тайжийг хаан аав нь арга буюу таньсан учир энэ цагаас эхэлж хаан эх үрсийн энэрэл хайрыг үнэлдэг болсон гэнэ. Ийнхүү Ойрадуудын дунд Бүүвэй дуу зохиогдсон юм гэдэг домог бий. 
Усаа хайрлан хамгаалдаг уламжлат ёс заншил, зан үйл


Монголчууд эрт дээр үеээс "Ус - Чандмань эрдэнэ", "Усыг нь уувал ёсыг нь даганн", " Уул савдагтай ус эзэнтэй" гэсэн ийм сайхан зүйр, цэцэн үгс хэлж усаа хайрлан хамгаалж хүндэтгэж ирсэн зан заншил, ёс уламжлалтай билээ.
  • Усыг амьдрал тэтгэгч ариун зүйлийн нэг гэж үзэж ихэд эрхэмлэнэ.
  • Гол мөрөн, булаг шанд, нуур цөөрөм_ худгийн усанд сүү цагаан идээ, цус зэргийг хийх, дусаахыг хоргилно.
  • Сүү цагаан идээтэй шанага, халбагаар булаг, шанд, гол, горхи, худгийн уснаас хутган авдаггүй.
  • Булаг, шанд, рашааны тулах эхэнд айл буухыг хоргилно.
  • Рашаан булаг, шандны эхний мод, бутыг авах, гэмтээхийг цээрлэж хадаг яндар зүүн дархлана.
  • Аливаа усны эхийг ухаж төнхөхгүй.
  • Булаг шанд, рашааны эхэнд байгаа хад чулууг хөндөдгүй.
  • Гол ус, булаг шандны эхэнд болон ойр орчинд шээх, нус цэр хаяхыг цээрлэнэ.
  • Усны эхийг булингартуулахаас болгоомжилно.
  • Рашааны загас, жараахай, хорхой шавьжийг хөнөөхийг хоргилно. 
  • Голын ус, нуур цөөрөмд унаж үхсэн мал, амьтны сэг зэмийг заавал цэвэрлэнэ.
  • Голын ус булаг шанданд үнс нурам хийхийг цээрлэнэ. 
  • Тогтмол усанд биеэ болон хувцасаа угаахыг цээрлэнэ.
  • Үнс, хог, угаадасыг гол булгын эхэнд асгадаггүй. 
  • Ус гатлахдаа мориноосоо бууж духаа усаар шавшин гол гаталдаг.
  • Голын усыг гатлахдаа дух, бугуйгаа усаар норгож байж гол туулдаг.
  • Давс хужиртай, ус тогтдог тойромд хог хаядаггүй.
  • Тал хээр, говийн малчид малаа услахдаа худгийн усыг аль болхоор хямгатай зарцуулахад ихээхэн анхаардаг. Хүйтний улиралд онгоцондоо ус үлдээж хөлдөөхийг ч цээрлэнэ.  

                     Ардын уламжлалт ёс заншил .


Ардын уламжлалт ёс заншил гэдэг ердийн мэт боловч шинжлэх ухааны гүн гүнзгий үндэслэлтэй байдаг нь хэдэн зуун жилийн туршлагаас батлагдсаар байгаа билээ. Монголчуудын зан заншил бол амьдарч буй орчин, ахуй нөхцөлөөсөө хамаарч хэдэн мянган жилийн өмнөөс уламжлагдан ирсэн. Хамгийн наад зах нь хүнд цай болон бусад эд зүйлс өгөхдөө заавал баруун гараараа өгдөг. Учир нь хүний баруун гар эерэг цэнэгээр дүүрэн байдаг бөгөөд зүүн гарт нь сөрөг цэнэг ихээр агуулагддаг байна. Ингээд энэ удаагийн “Хүүхдийн цаг” булангаараа эрт дээр үеэс уламжлагдан ирсэн хүүхдийг муу юмнаас хамгаалах, сэрэмжлүүлэх дом болон бэлгэдлүүдийн талаар товчхон хүргэе. Бидний мэддэг хэрнээ мэддэггүй уламжлалт домууд их байдаг шүү дээ.

Хүүхэд хөлсвөл гал дээр давс цацаж домно.
Гадаа тавьсан хувцсыг заавал оруулж хонож бай гэж хөгшид хэлдэг. Хэрвээ хувцсаа гадаа хонуулчихсан бол заавал галд юмуу халаагуурт ээж өмсөхыг захидаг. Учир нь өдрийн нарны туяа хувцсанд эерэг энергийг хуримтлуулж хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.
Харин шөнийн цагт хувцсанд сөрөг энерги хуралддаг төдийгүй сөрөг нөлөө их үзүүлдэг. Ялангуяа нялх хүүхдийн хувцсыг гадаа хонуулахыг монголчууд ихэд цээрлэдэг.
Хувцас болон даавуунд сөрөг энерги хуримтлагдсанаар хүүхдийн амин цэнэг алдагдаж өвчин ороомтгой болдог. Хүүхдийн амин цэнэг нь долоон нас хүртал бүрэн тогтворждоггүй. Ялангуяа гурван нас хүртлэх хүүхдийн амин цэнэг бага байдаг бөгөөд дутагдсан цэнэгээ эхээсээ авдаг байна. Эх хүүхэд хоёр хэдийгээр бие нь тусдаа ч цэнэг нь нэгдмэл байдаг. Тийм ч учраас эх хүүхэд хоёрыг амь нэгтэй гэдэг. Хөнгөн ханиад хүрсэн хүүхэд эхийнхээ өвөрт хэд хоног унтаад л эдгэрчихдэг шүү дзэ.
Нялх хүүхэд болгоны амин цэнэг эмзэг байдаг тул хүүхдийг хамгаалах зорилгоор монголчууд гадны хүнийг оруулахгүй, мал амьтны хөлөөс хол байлгаж, ах эгчийнх нь хувцсыг өвлүүлэн өмсгөдөг. Учир нь хүүхдийн цэнэг хувцсандаа шингэдэг тул ийнхүү үлддэг байна. Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлагнахыг бид хүүхэд хөлсөх гэдэг. Хүүхдийн хөлсөхийг арилгахын тулд монголчууд олон янзын аргаар домнодог. Тухайлбал аягатай усанд лааны тос дусаахад тухайн хүүхдийн айсан, цочсон амьтан нь гарч ирдэг. Үүнд мөн тугалгыг ч ашигладаг. Айсан хүүхдийг зарим хүмүүс нүцгэн байхад нь малгайг нь буруу харуулан өмсгөж гал юмуу цогон дээр давс цацан түүн дээр нар зөв эргүүлэн домнодог. Ингэхдээ “гал ширэг суухаа, гангаа ширэг суухаа” хэмээн шивнэдэг бол Сосорбарам бурхны зүрхэн тарни болох “Сосорбарамаасаа чанцаало, ум даари базарни махаа хум хум, пад пад” суухаа хэмээн уншиж аягатай усаа 3-7 удаа үлээдэг.

Зальт шарыг урладгийн учир
Хүүхдийг элдэв гай барцдаас сэргийлэхийн тулд уламжлалт арга болон домуудыг хэрэглэдэг. Үүний нэг нь эсгийгээр үнэг урлах юм. Дөнгөж төрсөн хүүхдээ тайван унтуулахын тулд мөн сэрүүн байхад саатуулахын тулд аав нь үнэг хайчилдаг заншилтай.
Яагаад заавал үнэг гэж та бодож байна уу. Үүний тухай нэгэн аман яриа байдаг. Хүүхдийг унтаж байхад нь үнэг ирээд “ээж чинь үхсэн, ээж чинь үхсэн” гэж хэлдэг. Гэтэл хүүхэд айсандаа уйлах гэтэл үнэг “худлаа худлаа” гэж тайвшруулахад баярласандаа нойрон дундаа инээмсэглэдэг. Иймээс хүүхдийг унтаж байхдаа инээмсэглэхийг үнэгчилэх гэдэг байна.

Бараа бараа…
Хүүхдийг хахахаар “Бараа бараа ” гэж дууддаг. Яагаад гэвэл бар бол хахаж үхдэггүй амьтан гэдэг. Хүүхдэд шүр маргад хамгийн ээлтэй. Иймд эдгээр чулууг хүзүүнд нь зүүвэл аливаа муу муухайгаас хамгаална. Мөн ногоолин чулуу хүүхдийг шөнө цочиж сэрэхээс хамгаалдаг. Харин галын чулуу буюу тунгалаг шар чулуу тайван амраадаг байна. Уулын болор хүүхдийг аливаа өвчнөөс сэргийлдэг.

“Бор халзан туулай”
Шөнө оройн цагаар хүүхдийг гадагшаа авч гарахаар бол хамар дээр нь хар хөө түрхэж домнодог. Үүнийг бид бор халзан туулай гэж нэрлэдэг. Зарим хүмүүс баатарлах гэж ч ярьдаг. Нэгэн домгийг сонирхуулъя. Нэгэн залуу хос гэрлэж тун удалгүй удалгүй үрийн зулай үнэрлэжээ. Гэтэл хоёр чөтгөр хүүхдийг нь авахаар санаархаж. Тэднийх дөрвөн нүдтэй нохойтой бөгөөд түүгээр гэр орон болон малаа харуулдаг байжээ. Үдэш орой болохоор нөгөө нохой нь хуцсаар байгаад чөтгөрүүдийг гэртээ ойртуулдаггүй байсан аж. Чөтгөрүүд хүүхдийг гэрээс яаж авч гарах арга хайсаар нэгэн арга сэджээ. Нэг чөтгөр нь би эхнэр, нөхөр хоёрыг хооронд нь хэрэлдүүлье. Тэгээд эхнэр нь гомдоод төрхөм рүүгээ хүүхдээ аваад явангуут чи хүүхдийг нь аваарай гэж нөгөө чөтгөртөө захижээ. Чөтгөр ч эхнэр нөхөр хоёрыг хэрэлдүүлж, эхнэр нь төрхөмдөө буцлаа. Санаснаар нь болсон чөтгөр нөгөө чөтгөр дээрээ ирээд за яасан хүүхдийг авсан уу гэхэд миний өмнүүр хүүхэдтэй хүүхэн гараагүй. Харин бор халзан туулай үүрсэн эмэгтэй явсан гэжээ. Иймд хүүхдийг шөнө оройн цагаар гадагш авч гарахдаа айж эмээхээс сэргийлэн бор халзан туулай болгон чөтгөрийн нүдийг хуурдаг домтой аж.

Буруу энгэртэй дээл
Хүүхэд тогтдоггүй айл эсвэл өвчин зовлонд өртөмтгий энхрий хүүхэдтэй айл элдэв зүйлийг цээрлэсээр ирсэн. Энхрий хүүхдэд нэр өгөх, хувцас өмсгөх, хоол унд өгөх нь бүгд учиртай. Тухайлбал хүүхэд тогтдоггүй айлын хүүхдийг тусгайлан барьсан гэрт эр хүн эх барьж авдаг. Төрөнгүүт нь нохойн идүүрэнд тосч аваад дараа нь эцгийнх нь дээлний баруун ханцуйнд боож авдаг. Мөн ширмэн тогоо хөмөрч авах, гүзээнд боох, хэдэн долоо хоногоор айлд хонуулах эсвэл хэдэн сараар хөл хорьдог байна. Энхрий болон хүүхэд тогтдоггүй айлын хүүхдүүдэд Ухна, Майхантай, Овоохой, Хэнчбиш, Тэрбиш зэрэг элдэв нэр өгдөг бөгөөд түмэн даавууны өөдсөөр дээл, өлгий хийж өгдөг. Ялангуяа эрэгтэй хүүхдэд эхнэр мөртэй дээл өмсгөж, зориуд “хүүхэн” хэмээн нэр өгч баруун чихэнд нь ээмэг зүүн зүсийг нь хувиргадаг байна.

Хүүхдийн эдлэх ёстой алба буюу ам гэмтэх
Ам нь гэмтсэн хүүхдийг эдлэх ёстой албаа эдэлж байна гэдэг. Учир нь хүүхдийн ам нэг удаа л гэмтдэг. Өнөө цагт хүүхдийн ам гэмтэхэд олон янзын аргаар эмчилдэг болжээ. Харин манай уламжлалд хүүхдийн ам нь гэмтсэн бол нагац ахынх нь морины халуун амгайг зуулгадаг байна. Хол ч бай, ойр ч бай хурдтай давхиж ирсэн морины амгайг авч хүүхдэдээ зуулгавал амны гэмтэл тэр дороо арилдаг.