Saturday, February 28, 2015


Монгол наадгай






Мэдээний зураг,
Монголын ард түмэн эрт үеэс өнөөг хүртэлх хугацаанд асар олон тоглоом наадгайг бий болгосон төдийгүй тоглосоор иржээ. Тэдгээр наадгай нь нүүдлийн мал аж ахуй, ёс заншлийн утга агуулгыг илэрхийлэхээс гадна мал маллах, өсгөн үржүүлэх, ан гөрөө хийх, ахас дээдсээ хүндлэх зэрэг хөдөлмөрлөх болоод ёс суртахууны хүмүүжил олгох олон талын ач холбогдолтой ажээ. Мал аж ахуйг хэдэн зууны турш эрхэлж ирсэн ард түмэн малынхаа шаант ясны нарийн үзүүрт орших ясыг шагай гэж нэрлэсэн.
Мөн таа, алц бөг, цөг гэсэн нэрийг нь хонь, морь тэмээ, үхэр гэхчлэн нэрлэжээ. Шагайг цуглуулан хурааж хэдэн зуу, хэдэн мянгад хүргэн хадгалдаг. Мөн шагайг хэр их хураана төдий чинээ мал өсөж, буян ирдэг гэж ярилцдаг. Уламжлалт ёс заншилтай холбоотой үүссэн тоглоомууд нь хүний бие мах бодод ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд оюун ухаан сэтгэн бодох чадвар, аливаа юмны оньсыг тайлах арга ухаанд хөтлөх, ажигч гярхай чанарыг төлөвшүүлэх зэрэг давуу талтай. Жирийн үед шагай няслах, дөрвөн бэрх хаях, алаг мэлхий өрөх тоглоомыг төдийлөн тоглодоггүй ч Сар шинийн баяраар ах дүү хамаатан саднаараа хуран цугларч тоглодог ба тухайн жилийнхээ өнгийг бас шинждэг.
“Эрхийн чинээ биетэй, эрдэнийн дөрвөн талтай” шагай нь уламжлалт тоглоомны эртний төрлүүдийн нэг. Амьтны шаант ясны үзүүрт оршдог жижиг цул яс буюу шагайгаар наадах 80 орчим төрлийн тоглоом бий. Морь уралдуулах, бөгцөг няслах, шагай шүүрэх зэргийг мэдэхгүй хүн ховор бизээ. Эрт дээр үед анд бололцохдоо шагай солилцдог байсан нь нэгэн биеийн холбоотой хоёр мөч мэт салшгүй байхын бэлгэдэл байжээ.
Алаг мэлхий өрөх
Монголчууд алаг мэлхийг битүүний орой өрж, шинийн нэгэнд тоглодог уламжлалтай. Энэхүү тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 эсвэл 108 шагайгаар өрнө. Тоглогчид ээлжээр шоо хаяж, хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг авах боломжтой. Хэрэв зургаагийн тоо буувал хүзүү, нурууны аль нэг эгнээний зургаан шагайг өөрийн болгодог. Хамгийн олон шагай хожсон хүн ялагч болдог. Түүнчлэн шагай дуусахад дахин тоглох бөгөөд шооны нүхний тоогоор өрнө. Хэрвээ хоёр буулгавал нүдийг, гурав бол толгой, дөрөв байвал шилбэ зэргээр мэлхийний дүрсийг гаргадаг
- Мэлхий өрж байхад: 
- Нэгэн амтай даа
- Хоёр нүдтэй дээ
- Дөрвөн хөлтэй дээ
- Дэвхрээд дэвхрээд
- Худгандаа орвоо гэж дуу дуулдаг аж. Энэ дууг алдарт хуурч, дууч Лувсан 1932 онд дуулсан байсныг судлаачид тогтоожээ.
Шагай авах (шүүрэх), шагайгаар дөрвөн бэрх хаях, шагай харвах, шагайгаар морь уралдуулах, шагай таалцах, шагайгаар алаг мэлхий өрөх (засах) зэрэг тоглоом нь тус бүрдээ тодорхой агуулга хэлбэртэй байдаг. Тэдгээр нь тус тусдаа тоглох нарийн горим журамтай.
Хэд хэдэн хүүхэд бөөгнөрөн сууж, олон шагайн дундаас дээш нь сум (хөө хуяг)-аа хаяж, ирэхийн хооронд шагайгаа гараараа шүүрч түүн дээрээ сумаа тогтоож авна. Хэрэв сумаа тогтоож чадахгүй бол шүүрсэн шагайгаа их шагайндаа буцааж хийнэ. Аль олон шагай зөв шүүрсэн нь хожно. Энэ тоглолтонд хожсон хүндээ 
 - Шагайны баян 
 - Шагайлцахын мэргэн нь Та боллоо гэж сумаа өгдөг ажээ.
Энэ тоглоом нь гарын хөдөлгөөнийг чангаруулах нүдний харцыг хурц болгох ардын сурган хүмүүжүүлэх ухааны бие бялдарын дасгал болдог байна.
Монгол наадгай зурган илэрцүүд
Хүүхдүүд дөрвөн шагайгаар дөрвөн бэрхийг хаяж тоглоно. Дөрвөн бэрх нь (морь, тэмээ, хонь, ямаа) буулгаж, аль түргэн буулгасан нь хожно.
- Дөрвөн бэрх минийх
-Түмэн сүрэг манайх гэж хожсон хүндээ хэлээд дөрвөн шагайгаа авдаг журамтай. Энэ тоглолт нь малыг эрхэмлэн үзэх, малч сэтгэлтэй болгох ардын сурган хүмүүжүүлэх ухааны дасгал болно.
Шагай харвах тоглоом бол олны дунд их түгээмэл зарим газар (Хасаа харвах) гэж хэлдэг. Энэ нь голдуу томчуудын тоглоом болдог.
Шагай харвахад хоёр буюу хэдэн хүн хоёр талцан тусгай суурь самбар зурхай дээр цувуулан өрсөн шагай буюу хасааг харвагч хашлага дээр чиглүүлэн ясан сумыг дунд ба долоовор хуруугаар няслаж, арван тохой зайтай газраас харвана. Оносон даруй уухайлж мэргэн харваачийг бахдан хөгжөөж “сум мэргэн, сур өргөн болтугай”  гэж бэлэг дэмбэрлийн үг хэлдэг ажээ.
Аль олон оноо авсан тал нь хожно. Энэ тоглолт нүдний харц тусгалыг хурц мэргэн болгох, гарын мулчинг сайжруулах хурууний хүчийг нэмэгдүүлэх, бие бялдарын хүмүүжлийн нэг чухал дасгал болдог байна.
Хэдэн хүүхэд цугларч олон шагайгаар уралдааны зам цувуулан өрж, тоглогч хүүхэд бүр нэг нэг уралдах морь шагайг сонгон аваад уралдааны замд оруулан тавьж дөрвөн шагай хаяж, морь буух бүр нэг нэг морин замаар ахиж хурдалсаар дөрвөн шагайгаар олон морь буулгаж чадсан нь түрүүлэн мориныхоо цолыг дуудаж тоглоно. 
                      - Тод магнай
                      - Торгон жолоо
                      - Төрийн наадмын
                      - Түмэн эх гэж цоллон тоглоно.
Шагайгаар таалцаж тоглоход хоёроос гурван хүүхэд оролцох бөгөөд тэд тоглох шагайг хуваан авч түүнээс нөгөө тоглогчиддоо мэдэгдэхгүй нууцаар хэдэн шагай (10-аас илүүгүй)-г атгаж 
- Би хэдэн шагай атгав
- Мэргэн юм бол мэдээд таагаач
Цэцэн юм бол цээжлээд хэлээч! гэж хүүхдүүд харилцан хэлээд тус тусдаа хэдэн шагай атгасны нийлбэр тоог хэлж, онож таасан нь бусдын атгасан шагайг хураан авч тоглосоор бүх шагайг хураан авсан нь хожно.
- Бүх шагай минийх
- Бүгд мал манайх гэж хожсон хүүхэд хэлээд шагайгаа хууж авна. Энэ тоглоом бол хүүхдийг тоолж сургах тооны хэлийг (арав, хорь гэх мэт) сургах ардын сурган хүмүүжүүлэх ухааны нэг арга юм.

No comments:

Post a Comment