Монголчууд эрт дээр үеээс "Ус - Чандмань эрдэнэ", "Усыг нь уувал ёсыг нь даганн", " Уул савдагтай ус эзэнтэй" гэсэн ийм сайхан зүйр, цэцэн үгс хэлж усаа хайрлан хамгаалж хүндэтгэж ирсэн зан заншил, ёс уламжлалтай билээ.
- Усыг амьдрал тэтгэгч ариун зүйлийн нэг гэж үзэж ихэд эрхэмлэнэ.
- Гол мөрөн, булаг шанд, нуур цөөрөм_ худгийн усанд сүү цагаан идээ, цус зэргийг хийх, дусаахыг хоргилно.
- Сүү цагаан идээтэй шанага, халбагаар булаг, шанд, гол, горхи, худгийн уснаас хутган авдаггүй.
- Булаг, шанд, рашааны тулах эхэнд айл буухыг хоргилно.
- Рашаан булаг, шандны эхний мод, бутыг авах, гэмтээхийг цээрлэж хадаг яндар зүүн дархлана.
- Аливаа усны эхийг ухаж төнхөхгүй.
- Булаг шанд, рашааны эхэнд байгаа хад чулууг хөндөдгүй.
- Гол ус, булаг шандны эхэнд болон ойр орчинд шээх, нус цэр хаяхыг цээрлэнэ.
- Усны эхийг булингартуулахаас болгоомжилно.
- Рашааны загас, жараахай, хорхой шавьжийг хөнөөхийг хоргилно.
- Голын ус, нуур цөөрөмд унаж үхсэн мал, амьтны сэг зэмийг заавал цэвэрлэнэ.
- Голын ус булаг шанданд үнс нурам хийхийг цээрлэнэ.
- Тогтмол усанд биеэ болон хувцасаа угаахыг цээрлэнэ.
- Үнс, хог, угаадасыг гол булгын эхэнд асгадаггүй.
- Ус гатлахдаа мориноосоо бууж духаа усаар шавшин гол гаталдаг.
- Голын усыг гатлахдаа дух, бугуйгаа усаар норгож байж гол туулдаг.
- Давс хужиртай, ус тогтдог тойромд хог хаядаггүй.
- Тал хээр, говийн малчид малаа услахдаа худгийн усыг аль болхоор хямгатай зарцуулахад ихээхэн анхаардаг. Хүйтний улиралд онгоцондоо ус үлдээж хөлдөөхийг ч цээрлэнэ.
No comments:
Post a Comment