Ардын уламжлалт ёс заншил .
Ардын уламжлалт ёс заншил гэдэг ердийн мэт боловч шинжлэх ухааны гүн гүнзгий үндэслэлтэй байдаг нь хэдэн зуун жилийн туршлагаас батлагдсаар байгаа билээ. Монголчуудын зан заншил бол амьдарч буй орчин, ахуй нөхцөлөөсөө хамаарч хэдэн мянган жилийн өмнөөс уламжлагдан ирсэн. Хамгийн наад зах нь хүнд цай болон бусад эд зүйлс өгөхдөө заавал баруун гараараа өгдөг. Учир нь хүний баруун гар эерэг цэнэгээр дүүрэн байдаг бөгөөд зүүн гарт нь сөрөг цэнэг ихээр агуулагддаг байна. Ингээд энэ удаагийн “Хүүхдийн цаг” булангаараа эрт дээр үеэс уламжлагдан ирсэн хүүхдийг муу юмнаас хамгаалах, сэрэмжлүүлэх дом болон бэлгэдлүүдийн талаар товчхон хүргэе. Бидний мэддэг хэрнээ мэддэггүй уламжлалт домууд их байдаг шүү дээ.
Хүүхэд хөлсвөл гал дээр давс цацаж домно.
Гадаа тавьсан хувцсыг заавал оруулж хонож бай гэж хөгшид хэлдэг. Хэрвээ хувцсаа гадаа хонуулчихсан бол заавал галд юмуу халаагуурт ээж өмсөхыг захидаг. Учир нь өдрийн нарны туяа хувцсанд эерэг энергийг хуримтлуулж хүний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.
Харин шөнийн цагт хувцсанд сөрөг энерги хуралддаг төдийгүй сөрөг нөлөө их үзүүлдэг. Ялангуяа нялх хүүхдийн хувцсыг гадаа хонуулахыг монголчууд ихэд цээрлэдэг.
Хувцас болон даавуунд сөрөг энерги хуримтлагдсанаар хүүхдийн амин цэнэг алдагдаж өвчин ороомтгой болдог. Хүүхдийн амин цэнэг нь долоон нас хүртал бүрэн тогтворждоггүй. Ялангуяа гурван нас хүртлэх хүүхдийн амин цэнэг бага байдаг бөгөөд дутагдсан цэнэгээ эхээсээ авдаг байна. Эх хүүхэд хоёр хэдийгээр бие нь тусдаа ч цэнэг нь нэгдмэл байдаг. Тийм ч учраас эх хүүхэд хоёрыг амь нэгтэй гэдэг. Хөнгөн ханиад хүрсэн хүүхэд эхийнхээ өвөрт хэд хоног унтаад л эдгэрчихдэг шүү дзэ.
Нялх хүүхэд болгоны амин цэнэг эмзэг байдаг тул хүүхдийг хамгаалах зорилгоор монголчууд гадны хүнийг оруулахгүй, мал амьтны хөлөөс хол байлгаж, ах эгчийнх нь хувцсыг өвлүүлэн өмсгөдөг. Учир нь хүүхдийн цэнэг хувцсандаа шингэдэг тул ийнхүү үлддэг байна. Хүүхэд айж цочсоноос болж гэнэт уйлагнахыг бид хүүхэд хөлсөх гэдэг. Хүүхдийн хөлсөхийг арилгахын тулд монголчууд олон янзын аргаар домнодог. Тухайлбал аягатай усанд лааны тос дусаахад тухайн хүүхдийн айсан, цочсон амьтан нь гарч ирдэг. Үүнд мөн тугалгыг ч ашигладаг. Айсан хүүхдийг зарим хүмүүс нүцгэн байхад нь малгайг нь буруу харуулан өмсгөж гал юмуу цогон дээр давс цацан түүн дээр нар зөв эргүүлэн домнодог. Ингэхдээ “гал ширэг суухаа, гангаа ширэг суухаа” хэмээн шивнэдэг бол Сосорбарам бурхны зүрхэн тарни болох “Сосорбарамаасаа чанцаало, ум даари базарни махаа хум хум, пад пад” суухаа хэмээн уншиж аягатай усаа 3-7 удаа үлээдэг.
Зальт шарыг урладгийн учир
Хүүхдийг элдэв гай барцдаас сэргийлэхийн тулд уламжлалт арга болон домуудыг хэрэглэдэг. Үүний нэг нь эсгийгээр үнэг урлах юм. Дөнгөж төрсөн хүүхдээ тайван унтуулахын тулд мөн сэрүүн байхад саатуулахын тулд аав нь үнэг хайчилдаг заншилтай.
Яагаад заавал үнэг гэж та бодож байна уу. Үүний тухай нэгэн аман яриа байдаг. Хүүхдийг унтаж байхад нь үнэг ирээд “ээж чинь үхсэн, ээж чинь үхсэн” гэж хэлдэг. Гэтэл хүүхэд айсандаа уйлах гэтэл үнэг “худлаа худлаа” гэж тайвшруулахад баярласандаа нойрон дундаа инээмсэглэдэг. Иймээс хүүхдийг унтаж байхдаа инээмсэглэхийг үнэгчилэх гэдэг байна.
Бараа бараа…
Хүүхдийг хахахаар “Бараа бараа ” гэж дууддаг. Яагаад гэвэл бар бол хахаж үхдэггүй амьтан гэдэг. Хүүхдэд шүр маргад хамгийн ээлтэй. Иймд эдгээр чулууг хүзүүнд нь зүүвэл аливаа муу муухайгаас хамгаална. Мөн ногоолин чулуу хүүхдийг шөнө цочиж сэрэхээс хамгаалдаг. Харин галын чулуу буюу тунгалаг шар чулуу тайван амраадаг байна. Уулын болор хүүхдийг аливаа өвчнөөс сэргийлдэг.
“Бор халзан туулай”
Шөнө оройн цагаар хүүхдийг гадагшаа авч гарахаар бол хамар дээр нь хар хөө түрхэж домнодог. Үүнийг бид бор халзан туулай гэж нэрлэдэг. Зарим хүмүүс баатарлах гэж ч ярьдаг. Нэгэн домгийг сонирхуулъя. Нэгэн залуу хос гэрлэж тун удалгүй удалгүй үрийн зулай үнэрлэжээ. Гэтэл хоёр чөтгөр хүүхдийг нь авахаар санаархаж. Тэднийх дөрвөн нүдтэй нохойтой бөгөөд түүгээр гэр орон болон малаа харуулдаг байжээ. Үдэш орой болохоор нөгөө нохой нь хуцсаар байгаад чөтгөрүүдийг гэртээ ойртуулдаггүй байсан аж. Чөтгөрүүд хүүхдийг гэрээс яаж авч гарах арга хайсаар нэгэн арга сэджээ. Нэг чөтгөр нь би эхнэр, нөхөр хоёрыг хооронд нь хэрэлдүүлье. Тэгээд эхнэр нь гомдоод төрхөм рүүгээ хүүхдээ аваад явангуут чи хүүхдийг нь аваарай гэж нөгөө чөтгөртөө захижээ. Чөтгөр ч эхнэр нөхөр хоёрыг хэрэлдүүлж, эхнэр нь төрхөмдөө буцлаа. Санаснаар нь болсон чөтгөр нөгөө чөтгөр дээрээ ирээд за яасан хүүхдийг авсан уу гэхэд миний өмнүүр хүүхэдтэй хүүхэн гараагүй. Харин бор халзан туулай үүрсэн эмэгтэй явсан гэжээ. Иймд хүүхдийг шөнө оройн цагаар гадагш авч гарахдаа айж эмээхээс сэргийлэн бор халзан туулай болгон чөтгөрийн нүдийг хуурдаг домтой аж.
Буруу энгэртэй дээл
Хүүхэд тогтдоггүй айл эсвэл өвчин зовлонд өртөмтгий энхрий хүүхэдтэй айл элдэв зүйлийг цээрлэсээр ирсэн. Энхрий хүүхдэд нэр өгөх, хувцас өмсгөх, хоол унд өгөх нь бүгд учиртай. Тухайлбал хүүхэд тогтдоггүй айлын хүүхдийг тусгайлан барьсан гэрт эр хүн эх барьж авдаг. Төрөнгүүт нь нохойн идүүрэнд тосч аваад дараа нь эцгийнх нь дээлний баруун ханцуйнд боож авдаг. Мөн ширмэн тогоо хөмөрч авах, гүзээнд боох, хэдэн долоо хоногоор айлд хонуулах эсвэл хэдэн сараар хөл хорьдог байна. Энхрий болон хүүхэд тогтдоггүй айлын хүүхдүүдэд Ухна, Майхантай, Овоохой, Хэнчбиш, Тэрбиш зэрэг элдэв нэр өгдөг бөгөөд түмэн даавууны өөдсөөр дээл, өлгий хийж өгдөг. Ялангуяа эрэгтэй хүүхдэд эхнэр мөртэй дээл өмсгөж, зориуд “хүүхэн” хэмээн нэр өгч баруун чихэнд нь ээмэг зүүн зүсийг нь хувиргадаг байна.
Хүүхдийн эдлэх ёстой алба буюу ам гэмтэх
Ам нь гэмтсэн хүүхдийг эдлэх ёстой албаа эдэлж байна гэдэг. Учир нь хүүхдийн ам нэг удаа л гэмтдэг. Өнөө цагт хүүхдийн ам гэмтэхэд олон янзын аргаар эмчилдэг болжээ. Харин манай уламжлалд хүүхдийн ам нь гэмтсэн бол нагац ахынх нь морины халуун амгайг зуулгадаг байна. Хол ч бай, ойр ч бай хурдтай давхиж ирсэн морины амгайг авч хүүхдэдээ зуулгавал амны гэмтэл тэр дороо арилдаг.
No comments:
Post a Comment